САНХҮҮГИЙН ТҮРЭЭС /ЛИЗИНГ/-ИЙН ТУХАЙ 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот

САНХҮҮГИЙН ТҮРЭЭС /ЛИЗИНГ/-ИЙН ТУХАЙ 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хууль нь санхүүгийн түрээс /лизинг/-тэй холбогдсон харилцааг зохицуулна.

2 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн тухай хууль тогтоомж

2.1. Санхүүгийн түрээсийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Дампуурлын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Санхүүгийн түрээс, түүний төрөл

3.1. “Санхүүгийн түрээс” гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгох бөгөөд үүнийг “анхдагч түрээс” гэж үзнэ.

3.2. Санхүүгийн түрээс нь энэ хуулийн 3.1-д зааснаас гадна дараахь төрөлтэй байж болно:

3.2.1. түрээслүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түрээслэгч өөрөө түрээслүүлэгчийн эрх, үүргийг хүлээж түрээсийн зүйлийг гэрээний дагуу бусдад түрээслүүлэх санхүүгийн “дамжуулах түрээс”;

3.2.2. түрээслүүлэгч санхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа анхдагч түрээслэгчээс түрээсийн зүйлийг буцаан авч өөр түрээслэгчид түрээслүүлэх санхүүгийн “хоёрдогч түрээс”;

3.2.3. санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээсийн зүйл түрээслэгчийн өмчлөлд шилжсэний дараа түрээслэгч түрээслүүлэгчийн эрх, үүргийг хүлээж гуравдагч этгээдэд буцаан түрээслэх санхүүгийн “эргэх түрээс”.

4 дүгээр зүйл. Санхүүгийн дамжуулах түрээс

4.1. Дамжуулах түрээсийн түрээслүүлэгч, түрээслэгч нь энэ хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулж мөн хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

4.2. Анхдагч түрээсийн гэрээг цуцлах буюу түүнээс татгалзсан тохиолдолд дамжуулах түрээсийн гэрээ нэгэн адил дуусгавар болно.

4.3. Түрээсийн гэрээ энэ хуулийн 4.2-т заасны дагуу хугацаанаасаа өмнө дуусгавар болох тохиолдолд дамжуулан түрээслэгч нь анхдагч түрээслүүлэгчтэй тэргүүн ээлжинд гэрээ байгуулах эрхтэй.

4.4.Шүүх анхдагч түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд уг гэрээний үндсэн дээр байгуулсан дамжуулах түрээсийн гэрээ нэгэн адил хүчин төгөлдөр бусад тооцогдоно.

4.5.Дамжуулах түрээсийн гэрээний хугацаа анхдагч түрээсийн гэрээний хугацаанаас илүүгүй байна.

5 дугаар зүйл. Санхүүгийн түрээст тавих шаардлага

5.1.Санхүүгийн түрээс дор дурдсан шаардлагын аль нэгийг хангасан байна:

5.1.1.гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байх;

5.1.2.гэрээний хугацааг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байхаар тогтоосон байх;

5.1.3.гэрээний нийт үнийг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн үнийн дүнгийн 90 болон түүнээс дээш хувьтай тэнцүү байхаар тогтоосон байх.

5.2.Энэ хуулийн 5.1.2-т заасан хугацааг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд заасан хугацааг баримтлан тогтооно.

6 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн зүйл

6.1. Барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэрэг ашиглалтын явцад үндсэн шинж чанараа алддаггүй, үндсэн хөрөнгөд хамаарах биет эд хөрөнгө санхүүгийн түрээсийн зүйл /цаашид “түрээсийн зүйл” гэх/ байж болно.

6.2. Дараахь эд хөрөнгө түрээсийн зүйл байж болохгүй:

6.2.1. байгалийн баялаг /газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ургамал, амьтан, агаар/;

6.2.2. төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгө;

6.2.3. Иргэний хуулийн 84.5-д заасан эдийн бус хөрөнгө /хувьцаа, үнэт цаас, эрх/;

6.2.4. галт зэвсэг, цацраг идэвхит болон химийн хорт бодис зэрэг холбогдох хууль тогтоомжоор үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд хязгаар тогтоосон эд хөрөнгө.

6.3.Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байна.

6.4.Хуульд өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн хугацаанд түрээсийн зүйлийг аль талын санхүүгийн тайлан балансад бүртгэхийг түрээслэгч, түрээслүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

7 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ,түрээсийн төлбөр

7.1. Санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ нь дор дурдсан үнэ, төлбөрөөс бүрдэнэ:

7.1.1. түрээсийн зүйлийг худалдаж авах, үйлдвэрлэх, захиалах, хүлээн авах, тээвэрлэх, суурилуулах, турших, ашиглалтад оруулах болон тэдгээртэй адилтгах үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарах зардал буюу түрээсийн төлбөр;

7.1.2. түрээсийн хүү.

 


ХОЁР ДУГААР БҮЛЭГ
Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлага

8 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, агуулга

8.1. Санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулна.

8.2. Санхүүгийн түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 313.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:

8.2.1. түрээслүүлэгч, түрээслэгч, гуравдагч этгээдийн албан ёсны нэр, хаяг, төлөөлөх этгээдийн нэр, албан тушаал;

8.2.2. гэрээний хугацаа;

8.2.3. талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага;

8.2.4. түрээсийн зүйлийн нэр, үйлдвэрлэгч, үйлдвэрлэсэн огноо, техникийн үзүүлэлт, хэмжээ, чанар болон бусад онцлог шинж, бүрдэл хэсэг, дагалдах зүйлийн тухай мэдээлэл, түүнийг ашиглах зориулалт;

8.2.5. түрээсийн зүйл болон гуравдагч этгээдийг сонгосон тал;

8.2.6. түрээсийн зүйлийг түрээслэгчид шилжүүлэх журам /түрээсийн зүйлийг угсрах, суурилуулах, ашиглалтад оруулах хугацаа, хүлээлгэн өгөх, хүлээн авах этгээд, шилжүүлэх өдөр, газар, шаардлагатай бол хэсэгчилж шилжүүлэх хугацаа, нөхцөл /;

8.2.7. баталгаат хугацааны болон түүний дараахь үеийн засвар, үйлчилгээ;

8.2.8.түрээсийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй танилцах журам, түрээслүүлэгчид танилцуулахаар тохиролцсон түрээслэгчийн санхүүгийн болон бусад бичиг баримтын нэр, танилцах журам;

8.2.9. түрээсийн зүйлийг буцаан авах нөхцөл, журам;

8.2.10. гэрээний биелэлтэд хяналт тавих, маргаан шийдвэрлэх журам;

8.2.11. гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ дуусгавар болох, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл;

8.2.12. шаардлагатай бол түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэх нөхцөл, журам;

8.2.13. түрээсийн төлбөрийн хэмжээ, түүнийг шилжүүлэх журам, талуудын шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.

8.3. Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 8.2-т заасан мэдээллийг агуулсан баримт бичгийг анхдагч гэрээнд хавсаргана.

8.4. Түрээслүүлэгч, түрээслэгчийн хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний салшгүй хэсэг нь түрээслүүлэгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан түрээсийн зүйлийг худалдах-худалдан авах гэрээ байна.

8.5. Түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг өөрөө үйлдвэрлэх тохиолдолд энэ хуулийн 8.3 дахь заалт хамаарахгүй.

8.6. Түрээслүүлэгч түрээсийн зүйлийг даатгуулах, барьцаа, баталгаа, батлан даалтын баталгаанд тавих бол тэдгээр гэрээг санхүүгийн түрээсийн гэрээнд хавсаргана.

  9 дүгээр зүйл. Түрээслүүлэгчийн эрх, үүрэг

9.1.Санхүүгийн түрээсийн гэрээний түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслүүлэгчийн болон дараахь эрх эдэлнэ:

9.1.1. түрээслэгчээс түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хүлээн авах;

9.1.2. түрээслэгч үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

9.1.3. хууль, гэрээнд заасан үндэслэлээр түрээсийн зүйлийг буцаан авах, гэрээг цуцлах, үүнтэй холбогдсон зардлыг түрээслэгчээр нөхөн төлүүлэхээр шаардах;

9.1.4. гэрээнд заасан түрээслэгчийн санхүүгийн баримтыг хүлээн авах, түрээсийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй газар дээр нь танилцах;

9.1.5.хууль, гэрээнд заасан бусад эрх.

9.2. Санхүүгийн түрээсийн гэрээний түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслүүлэгчийн болон дараахь үүрэг хүлээнэ:

9.2.1. түрээслэгчийн хүсэлт, захиалгын дагуу түрээсийн зүйлийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авч гэрээнд заасан нөхцөл, хугацаанд түрээслэгчид шилжүүлэх;

9.2.2. гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх буюу түүнээс худалдан авч байгаа зүйлийг санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болгох тухай түүнд мэдэгдэх;

9.2.3. гомдлын шаардлага тавих хугацаа дуусаагүй байхад түрээсийн зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх, эсхүл түрээслэгч солигдох тохиолдолд энэ тухай гуравдагч этгээдэд мэдэгдэх;

9.2.4. түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд заасан бол гэрээний нөхцөлийг зохих ёсоор хангасны дараа тухайн түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд саадгүй шилжүүлэх;

9.2.5. хууль, гэрээнд заасан бусад үүрэг.

10 дугаар зүйл. Түрээслэгчийн эрх, үүрэг

10.1. Санхүүгийн түрээсийн гэрээний түрээслэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө хөлслөгчийн болон дараахь эрх эдэлнэ:

10.1.1. түрээсийн зүйлийг түрээсийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, санхүүгийн түрээсээр үргэлжлүүлэн ашиглах хүсэлт гаргах, эсхүл түрээслүүлэгчид буцаах;

10.1.2. энэ хуулийн 5.1.1-д заасан гэрээ байгуулсан бол үнийг нь тохирсон хугацаанаас өмнө урьдчилан төлж түрээсийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах хүсэлтийг түрээслүүлэгчид гаргах;

10.1.3. гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслүүлэгчид гомдлын шаардлага тавихаас өмнө гуравдагч талын учруулсан хохирлыг тухайн этгээдээс нэхэмжлэх;

10.1.4. түрээсийн зүйлийг хүлээн авсан үеэс, харин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж түрээсэлсэн бол үйлдвэрлэл эхэлсний дараа түрээсийн төлбөр төлж эхлэх;

10.1.5. хүлээн авах үед биет байдлын болон эрхийн зөрчилтэй байвал түрээсийн зүйлийг буцаах, эсхүл үнэ төлбөргүйгээр засах, иж бүрэн болгох, түрээсийн төлбөрийг зохих хэмжээгээр бууруулахыг шаардах;

10.1.6. түрээслүүлэгчийн хүлээлгэн өгч байгаа эд хөрөнгө нь түрээсийн зүйл мөн эсэхийг хүлээн авах үедээ шалгаж түрээсийн зүйл биш бол хүлээн авахаас татгалзах;

10.1.7. түрээслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээсийн төлбөр төлөхийг түр зогсоох;

10.1.8. хууль, гэрээнд заасан бусад эрх.

10.2.Санхүүгийн түрээсийн гэрээний түрээслэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө хөлслөгчийн болон дараахь үүрэг хүлээнэ:

10.2.1.түрээсийн зүйлийг хүлээн авах, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх;

10.2.2.түрээсийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй танилцуулахаар түрээслүүлэгчийг түрээсийн зүйлийн байгаа газарт саадгүй нэвтрүүлэх, гэрээнд тохиролцсон санхүүгийн болон бусад бичиг баримттай танилцуулах;

10.2.3.хууль, гэрээнд заасан бусад үүрэг.

10.3.Энэ хуулийн 10.1.2-т заасан эрхийнхээ дагуу түрээслэгчийн гаргасан хүсэлтэд түрээслүүлэгч бичгээр хариу өгнө.

11 дүгээр зүйл. Гуравдагч этгээдийн эрх, үүрэг

11.1.Санхүүгийн түрээсийн харилцаанд оролцож байгаа гуравдагч этгээд Иргэний хуулийн 243.2 дахь заалт болон 246 /эд хөрөнгө илгээх талаар худалдагчийн үүрэг/, 253 /эд хөрөнгийн доголдлын талаар худалдагчийн эрх үүрэг/, 258 /эд хөрөнгө хадгалах/, 316 /санхүүгийн түрээсийн гэрээнд гуравдагч этгээдийн үүрэг/ дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

11.2.Гуравдагч этгээд түрээсийн зүйлийн техникийн үзүүлэлт бүхий бичиг баримт, ашиглалтын заавар, аюулгүй ажиллагааны журмыг түрээслэгчид өгөх үүрэгтэй.

12 дугаар зүйл. Талууд эрх, үүргээ бусдад шилжүүлэх

12.1. Түрээслүүлэгч нь түрээслэгчид урьдчилан бичгээр мэдэгдсэний үндсэн дээр гэрээнд заасан эрх, үүргээ бусад этгээдэд бүхэлд нь буюу хэсэгчлэн шилжүүлж болно.

12.2. Түрээслүүлэгч нь гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх бол энэ тухай түрээслэгчид урьдчилан бичгээр мэдэгдэх бөгөөд өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээд санхүүгийн түрээсийн гэрээг түүнд заасан нөхцөлийн дагуу үргэлжлүүлэх үүрэгтэй.

12.3. Түрээслэгч нь түрээслүүлэгчээс урьдчилан бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээнд заасан эрх, үүргээ бусдад бүхэлд нь буюу хэсэгчлэн шилжүүлж болно.

12.4. Гуравдагч этгээд түрээсийн зүйлтэй холбоотой үүргээ түрээслүүлэгч болон түрээслэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусдад шилжүүлж болно.

12.5. Түрээслүүлэгч, түрээслэгч, гуравдагч этгээд энэ хуулийн 12.1, 12.3, 12.4-т заасны дагуу эрх, үүргээ бусдад шилжүүлсэн нь тухайн гэрээг өөрчлөхийг шаардах үндэслэл болохгүй.

13 дугаар зүйл. Талуудын хүлээх хариуцлага  

13.1. Түрээсийн зүйлийг хүлээн авснаас хойш түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн, эсхүл түүний хийц, зохион байгуулалтыг өөрчилсөн, гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан, эвдсэн, гэмтээсэн, алдсан, үрэгдүүлснээс үүсэх хохирлыг түрээслэгч хариуцна.

13.2. Энэ хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал үүссэн нь түрээслэгч гэрээгээ цуцлахыг шаардах, түрээсийн төлбөр, түрээсийн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй.

13.3. Гуравдагч этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх хохирлыг гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслүүлэгч арилгах үүрэгтэй бөгөөд түрээслэгч гуравдагч этгээдийг сонгосон бол энэ заалт хамаарахгүй.

13.4. Гэрээнд зааснаас өөр зориулалтын түрээсийн зүйл нийлүүлснээс түүнийг солих, буцаах, худалдах зэрэг шаардлага гарсан бол үүнтэй холбогдон гарах зардлыг гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслүүлэгч хариуцах боловч гуравдагч этгээдийг түрээслэгч өөрөө сонгосон бол энэ заалт хамаарахгүй.

13.5. “Эргэх түрээс” байгуулсан бол түрээслэгч гуравдагч этгээдийн эрхийг эдэлж, үүрэг, хариуцлагыг хүлээнэ.

13.6. Түрээслүүлэгч санхүүгийн түрээсийн зүйлийг өөрөө үйлдвэрлэсэн бол гуравдагч этгээдийн эрх эдэлж, үүрэг, хариуцлагыг хүлээнэ.

13.7. Санхүүгийн түрээсийн гэрээг түрээслэгч, түрээслүүлэгч, гуравдагч этгээдийн хооронд байгуулсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол гуравдагч этгээд үүргээ биелүүлээгүйн хариуцлагыг түрээслүүлэгч түрээслэгчийн өмнө хариуцахгүй.

13.8. Энэ хуулийн 9.2.2, 9.2.3-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гуравдагч этгээд, түрээслэгчид учирсан хохирлыг түрээслүүлэгч хариуцна.

13.9. Түрээсийн зүйлийг дамжуулан түрээслэх нь түрээслэгчийг түрээсийн төлбөрөөс чөлөөлөх, түүнчлэн гэрээг өөрчлөх, буюу өөрчлөхийг шаардах үндэслэл болохгүй.

14 дүгээр зүйл. Гэрээний тал дампуурах

14.1. Түрээслүүлэгч дампуурч түүний эрх, үүрэг өөр этгээдэд шилжсэн нь санхүүгийн түрээсийн гэрээг цуцлах, өөрчлөхийг шаардах үндэслэл болохгүй.

14.2. Түрээслэгч дампуурсан бол түрээслүүлэгч түрээсийн зүйлийг буцаан авах, эсхүл буцаан авалгүйгээр дампуурсан түрээслэгчийн эд хөрөнгөд үлдээж түрээсийн төлбөрийн үлдсэн хэсгийг Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй.

14.3. Түрээсийн зүйлийг дампуурсан түрээслэгчийн эд хөрөнгөд үлдээхээр түрээслүүлэгч шийдвэрлэснээс бусад тохиолдолд тухайн эд хөрөнгийг дампуурсан түрээслэгчийн эд хөрөнгөд тооцох, бүртгэх, албадан тусгаарлах, хураахыг хориглоно.

14.4. Гэрээний тал дампуурахтай холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

  15 дугаар зүйл. Түрээсийн зүйлийг буцаан авах  

15.1. Түрээслүүлэгч урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр түрээсийн зүйлийг дараахь тохиолдолд түрээслэгчээс түр буцаан авах эрхтэй:

15.1.1. түрээслэгч түрээсийн зүйлийг түрээслүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн;

14.1.2. түрээслэгч түрээсийн зүйлийг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан;

15.1.3.түрээслэгч түрээсийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй танилцах боломжийг түрээслүүлэгчид олгоогүй;

15.1.4. түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй;

15.1.5. гэрээнд заасан бусад тохиолдол.

15.2. Түрээслүүлэгч энэ хуулийн 15.1-д заасан нөхцөл арилмагц түрээсийн зүйлийг түрээслэгчид буцаан өгч, гэрээнд заасан эрх, үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх үүрэгтэй.

15.3. Энэ хуулийн 15.2-т заасны дагуу түрээсийн зүйлийг буцааж өгөөгүй бол түрээслэгч түүнээс үүсэх хохирлыг түрээслүүлэгчээс нэхэмжлэх эрхтэй.

16 дугаар зүйл. Санхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болох, гэрээнээс татгалзах

16.1. Санхүүгийн түрээсийн гэрээг дуусгавар болгохдоо Иргэний хуулийн 294 дүгээр зүйл болон санхүүгийн түрээсийн гэрээг баримтална.

16.2. Түрээслүүлэгч, түрээслэгчийн аль нэг нь гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх бөгөөд гэрээнээс татгалзах, ийнхүү татгалзсанаас үүсэх үр дагаврыг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

16.3. Түрээслүүлэгч, түрээслэгчийн аль нэг нь гэрээнээс татгалзах, эсхүл түрээсийн зүйлийг буцаан авах үед түрээслэгч түрээсийн гэрээний нийт үнийн 50 буюу түүнээс дээш хувийг төлсөн нөхцөлд түрээсийн зүйлийн өмчлөлтэй холбогдсон маргаан гарвал гэрээнд өөрөөр заагаагүй бол шүүх буюу арбитрын журмаар шийдвэрлүүлнэ.

16.4. Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаасаа өмнө дуусгавар болсон бол түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг түрээсэлсэн эд хөрөнгийн элэгдэлийг тооцсон үнийг харгалзан тодорхойлно.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл

17 дугаар зүйл. Түрээсийн зүйлийн барьцаа

17.1. Түрээслүүлэгч нь түрээслэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түрээсийн зүйлийг бусад этгээдтэй байгуулах барьцааны гэрээний зүйл болгон ашиглаж болно.

17.2. Энэ хуулийн 17.1-д заасны дагуу барьцаалагдсан түрээсийн зүйл нь бусдын эзэмшилд шилжсэн бол шилжүүлэн авсан этгээд санхүүгийн түрээсийн гэрээг үргэлжлүүлэх үүрэгтэй.

17.3. Түрээслэгч түрээсийн зүйлийг барьцааны зүйл болгон ашиглахыг хориглоно.

18 дугаар зүйл.Санхүүгийн түрээсийн баталгаа, даатгал

18.1. Түрээслүүлэгч гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түрээслэгчээс барьцаа авах, түүнчлэн батлан даалт, банкны болон бусад этгээдийн баталгаа гаргуулж болно.

18.2. Энэ хуулийн 18.1-д заасны дагуу барьцаа авах, батлан даалт, банкны болон бусад этгээдийн баталгаа гаргуулахаар талууд тохиролцсон бол Иргэний хуулийн холбогдох зүйлд заасан нөхцөл, журмыг баримтлан гэрээ байгуулна.

18.3. Талууд тохиролцсоны үндсэн дээр түрээсийн зүйлийг даатгуулж болно.

19 дүгээр зүйл. Түрээсийн зүйл болон түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэл

19.1. Санхүүгийн түрээсийн гэрээнд заасан түрээсийн зүйл болон тэдгээртэй холбоотой эрхийг талууд улсын бүртгэлд бүртгүүлж болно.

19.2. Энэ хуулийн 19.1-д заасны дагуу түрээсийн зүйл болон тэдгээртэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой харилцааг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна.

20 дугаар зүйл. Олон улсын санхүүгийн түрээс

20.1.Түрээслэгч, түрээслүүлэгчийн аль нэг нь дараахь этгээд байвал санхүүгийн түрээсийн гэрээг олон улсын санхүүгийн түрээсийн гэрээнд тооцно:

20.1.1. гадаад улсын хуулийн этгээд;

20.1.2. тус улсад оршин суудаггүй гадаад улсын иргэн, гадаад улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа Монгол Улсын иргэн.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ