Монголд хөрөнгө оруулагчдын чуулган”-аар ямар асуудал хэлэлцэх вэ

“Монголд Хөрөнгө оруулагчдын чуулган” Хонгконгт эхэлж байна. Энэ онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 1.4 хувьд хүрч, буурсан хэдий ч “Morgan Stanley” тэргүүтэй хөрөнгө оруулагчид өмнөх жилийн Хөрөнгө оруулалтын чуулганаас хойш гарсан гол өөрчлөлтүүдийг эерэгээр хүлээн авч, бодлого чиглэл, төлөвлөгөөг анхааралтай ажиглаж байна. Энэ жилийн хувьд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт, хөдөлгөөн, сэргэлт авчирсан томоохон хөдөлгөөн “Оюу Толгой” төслийн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтыг эхлүүлсэн явдал байлаа.

Үүнээс гадна улс төрийн сонгуульд нэг нам үнэмлэхгүй ялалт байгуулснаар улс төрийн орчны шийдвэр гаргалт эрчимжиж, тогтвортой байх нөхцөл бүрдлээ гэж үзэж байна. Мөн эдийн засгийн хүндрэлээс гарах онцгой төлөвлөгөөг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа аж. Өнгөрсөн жилийн энэ үед Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны хэмжүүр гэгддэг “Оюу Толгой” төслийн хоёрдугаар шатны бүтээн байгуулалт, санхүүжилттэй холбоотой асуудал шийдэгдээгүй байснаас уул уурхайн өсөлт зогсонги байдалд ороод байсан юм.

Энэ ч утгаараа 2015 онд Хонгконгт чуулсан хөрөнгө оруулагчдын чуулганы анхаарлын төвд Монголын үл хөдлөх хөрөнгийн салбар байлаа. Харин энэ удаагийн Хөрөнгө оруулалтын чуулган хүлээлт үүсгэсэн, итгэл тээсэн уур амьсгалтай байна гэж хэлж болохоор байгаа юм. Ялангуяа Засгийн газрын эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах төлөвлөгөө, төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөө, Олон Улсын Валютын Сантай эхлүүлсэн яриа хэлэлцээр, хөрш орнуудтай, гуравдагч орнуудтай хийж байгаа санхүүжилтийн яриа хэлэлцээрүүд эдийн засагт сэргэлт авчирч, өөрчлөлт бий болгоно гэж хүлээж байна.

Хэлэлцүүлгийн гол сэдвүүд ч мөн Монгол Улсын бодлого тодорхойлогчдын шинэ төлөвлөгөөгөөр бизнесийн орчинд бий болох эерэг өөрчлөлтүүдийг хөрөнгө оруулагчдад таниулахад чиглэж байна.

http://bloombergtv.mn/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D0%B4-%D1%85%D3%A9%D1%80%D3%A9%D0%BD%D0%B3%D3%A9-%D0%BE%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%B3%D1%87%D0%B4%D1%8B%D0%BD-%D1%87%D1%83%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0%D0%BD-%D0%B0%D0%B0%D1%80-%D1%8F%D0%BC%D0%B0%D1%80-%D0%B0%D1%81%D1%83%D1%83%D0%B4%D0%B0%D0%BB-%D1%85%D1%8D%D0%BB%D1%8D%D0%BB%D1%86%D1%8D%D1%85-%D0%B2%D1%8D/?cid=7